КЛАССФЛООР ХХК захирал Хэнмэдэхийн ЖАРГАЛ
Х.Жаргал: -Би 1994 онд охиноо төрүүлсний дараа декритний мөнгөөрөө захаас эм бөөндөж аваад аптекаас хямд үнээр цэцэрлэгүүдэд зарж эхэлсэн юм. Энэ үедээ бага гэлтгүй мөнгийг өсгөж болдгийг мэдэрч, урамшиж байлаа. Мэдээж бизнес хийхэд нөлөөлсөн гол хүн бол миний охин. Охиныхоо цэцэрлэг, сургуулийн хэрэглээг багшийн цалингаар гүйцээх боломжгүйг ойлгосон тэр үеэс л хувийн бизнес эхлүүлэхээр шийдсэн юм. Дараа нь эм бөөндөж эхэлсэн бизнес маань Эрээн хот руу, Орос руу наймаанд явах хүртэл өргөжсөн. Ингээд 2005 онд Гермес барилгын материалын худалдааны төвд лангуу ажиллуулж, Оросоос Турк дрож авчран худалдаалж эхэлсэн үеэс одоогийн компанийн маань эхлэл тавигдсан. Ингээд худалдаж аваад хадгалчихсан байсан Shal.mn домэйнийг хэвийн ажиллагаанд оруулж, жил бүр нэг шинэ бүтээгдэхүүн нэмж сайжруулж байлаа. Шалтай холбоотой бүхий л материал түүхий эдийг авчирч, шал авсан хэрэглэгчдэдээ үнэгүй суурилуулах үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Үнэгүй суурилуулдаг учраас манай шалны борлуулалт ч сайн байдаг. Одоо үйл ажиллагаагаа өргөжүүлэн 3, 4-р хороололд 1800 м.кв агуулахтай дэлгүүр, мөн Гермес төв, Мишээл барилгын их дэлгүүрт салбаруудтай болж, Бельги, АНУ дахь үйлдвэрээс нь гол нэрийн бүтээгдэхүүн болох дрож, паркет, ламинатан шал, PVC, модон шалыг шууд оруулж ирдэг бөгөөд хулдаас, техникийн шал, оффисын дрож, хивс, шал тэгшлэгч цавуу зэрэг бүтээгдэхүүнийг тогтмол борлуулж байна.



Хэнмэдэхийн ЖАРГАЛ
КЛАССФЛООР ХХК захирал


ЭКО БҮТЭЭЛ ХХК-ийн захирал Лувсандаш ЦЭРЭНЛХАМ
Л.Цэрэнлхам: -Анх дотоодын ууган үйлдвэрлэгч “Долоон болдог” компанийг байгуулагдаад удаагүй байхад нь ажилд орж захиалгат тавилгын салбарт 20 гаруй жил тууштай ажиллаж, туршлага нэмэгдэхийн хэрээр өөрийгөө илүү их зүйлд сорьж, хөгжүүлэх бодол төрсөн. Амьдралдаа аз сорьсон шинэ алхам хийхээр зориг шулуудан “Ер нь би юу хийж чадах билээ?” гэдэг асуулт өөртөө тавихад яах аргагүй амьдралын 20 жилээ зориулсан тавилгын салбар хамгийн ойр санагдсан. Хэчнээн асуудал их тулгардаг ч үйлдвэрлэлийн салбарт өөрийн эрхгүй хөл тавьж орхисон. Ингээд юун түрүүнд хэрэглэгчдийн эрүүл мэндэд хор нөлөө багатай хэр нь орчин үеийн загварын чиг хандлагад нийцсэн, сайн чанартай тавилгын эрэлт дээр суурилан 2017 онд “Эко бүтээл” компаниа байгуулсан.



Лувсандаш ЦЭРЭНЛХАМ
ЭКО БҮТЭЭЛ ХХК захирал


ТАВАН БОГД БИЛДИНГ САПЛАЙ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Наранцэцэг АРИУНБОЛД
Би 2011 онд ШУТИС-ийг төгсөөд, ажил хайж эхэлсэн юм. Тухайн үед маркетингийн чиглэлээр ажиллахаар сонирхож байсан ч Монголын менежментийн зөвлөлд үйл ажиллагааны менежерээр ажлын гараагаа эхэлсэн юм. Гэсэн ч маркетинг гэдэг зүйлийг сонирхсон хэвээр байсан. Ингээд тухайн үед сонирхлыг минь үргэлж татдаг байсан, сурталчилгаанууд нь байнга цацагдаж, олон төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг байсан “Таван богд” группт маркетингийн судалгаа, үнэлгээний мэргэжилтнээр ажиллах боломж тохиосон. Хоёр жил гаруй хугацаанд туршлага хуримтлуулан ажиллаж байгаад “Смарт электроникс”-ийн Маркетинг, борлуулалтын албаны дарга болсон юм. Бас л хоёр жил гаруй болж, “Богд моторс”-т дэд захирлаар жил орчим ажиллаж байгаад саяхнаас “Tavan Bogd Building Supply” компанидаа захирлаар томилогдож ирээд байна. Таван богд групп -д ажлын гараагаа судалгааны чиглэлээр эхлүүлсэн минь маш зөв алхам болсон. Манай баг Таван богд группийн бүх судалгааны ажлуудыг хийдэг байсан бөгөөд олон улсын алдартай брэндүүд болох “KFC”, “Pizza Hut” –ийн олон улсад ашиглагддаг арга аргачлалаар маш сонирхолтой шинэ төрлийн судалгааг хийдэг байлаа. Монголд өмнө нь хийгдэж байгаагүй ийм судалгаанууд дээр ажилласан минь надад маш их туршлага болж өгсөн. Брэндийн танигдалтыг хэмжих, худалдааны бүс, байршил тогтоох судалгаа, төрөл бүрийн бүтээгдэхүүний тест судалгаа, зан төлөв, медиа рейтинг зэрэг маш олон судалгаа хийдэг байлаа. Эндээс хэрэглэгчийн хэрэглээний өөрчлөлт, зах зээлийн чиг хандлага, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн сайжруулах боломж, саналуудыг гаргаж өгч ажилладаг байлаа.



Наранцэцэг АРИУНБОЛД
ТАВАН БОГД БИЛДИНГ САПЛАЙ ХХК Гүйцэтгэх захирал


БАКРЭМ ХХК-ийн захирал Халзан ГАНХУЯГ
Х. Ганхуяг: -Би анх 2000 онд ахыгаа даган Орос улс руу явж, бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг болсноор анх бизнесийнхээ эхлэлийг тавьж байлаа. Тэр үед хулдаас, хивсэнцэр /дрож/ авчран, худалдаалж эхэлсэн юм. Өнөөг хүртэл энэ төрлийн бизнесээрээ дагнан ажиллаж, өндөр чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдийн гар дээрээс хямд үнээр дотоодынхоо зах зээлд нийлүүлсээр байна. Одоогоор бид Нарантуул худалдааны төв, 100 айл болон Мишээл Барилгын Их Дэлгүүр дэх салбаруудаараа борлуулалтаа хийж байна.



Халзан ГАНХУЯГ
БАКРЭМ ХХК захирал


Мармара Трейд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Конторбай ЖАНДОС
К.Жандос: – Байгалийн чулуу гэдэг өөрөө эртний түүхтэй, хүн төрөлхтөний түүхэнд оршин байсаар байгаа, урт удаан хугацаанд хэрэглэсээр ирсэн зүйл. Анх чулууг хүмүүс аяга таваг болгон ахуйн зориулалтаар ашиглаж байсан бол уран барилга, байшин барих болсныг өнөө хэр хадгалагдан үлдсэн Таж Махал гэх мэт түүхийн дурсгалт олон барилга чулуугаар бүтээгдсэнээс харж болно. Ер нь чулуутай холбогдолтой түүхэнд шашны орон зай ч их бий. Ислам, Христ, Буддын шашин шүтлэгтэй аль ч оронд сүм хийдүүд нь мөн л чулуугаар баригдсан байдаг нь олон зуун жилийг элээсэн ч үндсэн чанараа алдалгүй оршсоор л байна. Энэ нь өөрөө чулууны бизнесийг илүү сонирхолтой болгодог. Өнөөдөр аль ч орны соёлыг судлаад үзэхэд дэлхийн томоохон бүтээн байгуулалтууд, газар доорх байгууламжууд, барилгын дотор засалд ч чулууг өргөнөөр ашиглаж байна. Бүх төрлийн барилгад цемент, арматурыг ашиглаж байгаа. Хоёр давхар ч бай, 20 давхар ч бай барилга барихад цемент, арматур хэрэглэдэг. Эдгээр барилгыг бусдаас ялгаруулж гоёмсог болгодог зүйл нь чулуу юм. Чулуу бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн тансаг “эдлэл” юм. Дэлхий дээрх хамгийн үнэтэй чулуу бол алт. Бараг олон улсын валют болсон гэж хэлэхэд болно. Өнөөдөр шинэ коронавирусээс үүдсэн энэ хямралын үед хамгийн их үнэ цэн нь өсөж байгаа “чулуу”. Одоо цагт хүний хамгийн их хэрэглэж байгаа хоёр чулуу бол алт, гантиг хоёр болоод байна. Хүн хөрөнгө чинээтэй болж өсөн дэвжихдээ хамгийн түрүүнд байр байшингаа томсгож, харин тэрхүү байшингийнх нь гол чимэг чулуу болж өгдөг. Гантиг чулуу бол хүний амьдралд алтны дараа тооцогдох үнэ цэнтэй, хэрэглээнд хамгийн ойр чулуу.
Харин манай компанийн эрхэлж буй бизнесийн онцлог бол тэрхүү гантиг чулууг гадны орнуудаас импортлон, Монголынхоо хэрэглэгчдэд хүргэх явдал. Хүнд жинтэй чулууг тээвэрлэн авчраад, хүйтэн эрс тэс уур амьсгалдаа дасгах нь нэлээд бэрхшээлтэй байдаг. Тийм учраас цаг уурын нөхцөлдөө тааруулахын тулд бид усаар шүршиж дасгах ажлыг хийдэг. Манай орны хувьд чулууг сүүлийн үед их ашиглах болсон ч, чулуугаар мэргэшсэн хүний нөөц барилгын салбарт их дутагдалтай байсан. Ерээд оноос өмнөх барилгын салбарт олон төрлийн мэргэшсэн ажиллах хүчин байсан ч, яг чулууны чиглэлээр бид одоо л дөнгөж мэргэшсэн хүнтэй, мэргэшсэн багтай болж эхэлж байна. Аж ахуйн нэгжүүд ч мөн чулууны бизнесийг эхлүүлж байгаа нь сайшаалтай санагддаг. 2023-2025 онд бид хамгийн сайн чулуугаар гоё бүтээгдэхүүн гаргадаг болно гэж бодож байгаа. Аж ахуйн нэгжүүд ч хэдийнээ чулууны бизнест хөл тавьцгааж, хэрэглэгчид нь ч таашаан хүлээж авч байна. Манай монголчууд шинэ, сайн зүйлийг хурдан хүлээн авдаг, харин нөгөө хэсэг нь эрэлт хэрэгцээг нь хурдан мэдэрч чаддагаараа ихээхэн онцлогтой. Тиймээс хэдхэн жилийн дараа манайд чулууны зах зээл өргөжиж, 3-4 дахин томрох болов уу. Бидний хувьд уурхайдаа олборлолт хийж, өөрийн үйлдвэртээ боловсруулаад зах зээлд гаргадаг Туркийн нэгэн компаниас чулууг нийлүүлж байна. Харин Хятад улс манайхтай ойрхон хэдий ч чулуу нийлүүлэхэд хоёр сул талтай. Нэгдүгээрт, түүхий чулууг өөрсдөө импортлон авч боловсруулаад гаргадаг нь өртөг өндөр болгодог. Хоёрдугаарт, гал тогооны тавилгын тавцанг химийн аргаар өнгөлдгөөс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх талтай.



Конторбай ЖАНДОС
Мармара Трейд ХХК Гүйцэтгэх захирал


Номин Мишээл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Алтангэрэл МӨНХСҮЛД
А.Мөнхсүлд: – Их сургуулиа Худалдааны менежментээр төгсмөгцөө Монголынхоо зах зээлд тэргүүлэгч компаниудаас ажлын гараагаа эхэлж байлаа. “Наран” компанид таван жил, дараа нь “Таван богд” компанид борлуулалтын ахлах менежерээр нэг жил ажиллачхаад, сүүлд “Номин Мишээл”-д импортын менежерээр ажиллаад тууштай, сайн ажилласныг минь үнэлэн энэ компанийнхаа гүйцэтгэх захирал болон дэвшин ажиллаж байна. “Номин”-гийн хувьд тууштай, амжилттай ажиллаж байгаа залуусаа дэмжих, удирдах албан тушаалд итгэл хүлээлгэх тал дээр ер нь үлгэр жишээч шүү. Миний хувьд борлуулалт, үйлчилгээний салбарт цөөнгүй жил ажилласны хувьд англи, турк хэлний чадвараа улам сайжруулах, хувь хүний хөгжил талаасаа өөрийгөө орхигдуулахгүй байх нь их чухал байсан. Одоо Орос хэлээ сайжруулахад анхаарч байгаа.
Эргээд харахад 18 жил мэргэжлээрээ ажилласан байна. Ингээд бодохоор залуус маань юун түрүүнд өөрийн сонирхол, давуу талаа мэддэг байж, түүндээ тулгуурлан мэргэжлээ сонгож шийдвэр гаргадаг байгаасай гэж хүсдэг. Өөрийнхөө хүслээр л сонголтоо хийгээсэй. Ер нь хүн ажлын зах зухаас суралцахдаа хэсэгхэн хугацаанд ч болов хар бор ажил хийж үзэх хэрэгтэй. Доороос нь эхлүүлсэн ямар ч ажил хүнийг мэдлэг, ур чадвартай болгох томоохон суурь нь болдог гэж би хувьдаа үздэг дээ.



Алтангэрэл МӨНХСҮЛД
Номин Мишээл ХХК Гүйцэтгэх захирал


Доече Вэллэ ХХК-ийн Ерөнхий захирал Өнөрбат ХОСБАЯР
Ө.Хосбаяр: -Манай компани ихэвчлэн Европын орнуудаас барилгын дотор заслын материал нийлүүлдэг, хэрэглэгчдэд танигдсан томоохон үйлдвэрлэгчийг сонгож, хамтран ажиллахыг эрмэлздэг. Чанар сайтай барилгын материал элбэг болсон ч, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн боломжийн үнэтэй хэрнээ сайн чанартай бүтээгдэхүүнийг Монголынхоо зах зээлд нийлүүлэхийг хичээдэг. Бүтээгдэхүүнийг сонгохдоо тухайн брэндийн нэр хүнд, өрсөлдөх чадвар, нийлүүлэлтийн цар хүрээ, тээвэрлэлтийн боломж, үнэ зэргийг нарийн судалж байж, тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх эсэхээ шийддэг. Бидний судалгаа хийсний үндсэн дээр сонгож, хэрэглэгчиддээ хүргэж буй ямар ч барилгын материал ашиглалтын хугацаа урт, хэрэглээний явцад зардал бага гаргадаг, хэмнэлтээрээ үр ашиг авчирдаг байх ёстой гэж үздэг. Богино хугацаанд ашиг олохоосоо илүү бүтээгдэхүүнийхээ чанарыг батлан харуулж, хэрэглэгчидтэйгээ урт хугацаанд тогтвортой хамтран ажиллахыг чухалчилдаг даа.
Хамтран ажиллагч үйлдвэрлэгч байгууллагууд маань маш сайн чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг, мөн сав баглаа боодол сайтай гээд давуу тал ихтэй. Харин бэрхшээлтэй тал гэвэл нэгдүгээрт хүний нөөцийн чадавх сул, хоёрдугаарт төрийн байгууллагуудын зөвшөөрөл олгох явцын хүнд суртал дарамт их, гуравдугаарт тээвэр логистикийн асуудал нийтлэг тулгарч байна. Гэсэн ч бид аль болох бизнесээ өргөжүүлэн дэлхийд чанараараа танигдсан илүү сайн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ нийлүүлэхийг хичээсээр байна.



Өнөрбат ХОСБАЯР
Доече Вэллэ ХХК Ерөнхий захирал


Монгол Ванн Констракшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Алтангэрэл
Л.Алтангэрэл: -Нийгмийн шилжилт өөрчлөлт явагдаж эхэлсэн 1990-ээд оны үед сургуулиа төгсөж байсан залуусын ихэнх нь ганзагын наймаанд хөл тавьж байлаа. Бусдын жишгийг дагаж би ч бас төрсөн нутагтаа ахуйн хэрэглээний бараагаар арьс нэхий солилцож, түүнийгээ хотод арилжих, эсвэл хил давуулан борлуулах зэргээр наймаа арилжаа хийж эхэлсэн юм. Түүнээс хойш махны бизнес хийж байгаад БНСУ-д гэрээт ажилтнаар очиж ажиллаж байлаа.
Тэнд ванны үйлдвэрт дөрвөн жил ажиллаад 2011 онд эх орондоо эргэж ирэхэд манай улсад орон сууцны барилга олноороо баригдаж, барилгын салбарын өсөлт эрс нэмэгдэж байсан үе таарсан. Гэтэл барилгын материалын зах зээлд импортын бүтээгдэхүүн 100 хувь ноёрхож, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бүтээгдэхүүн дутагдагдалтай байгаа нь ажиглагдсан юм. Ингээд Солонгос улсад ванны үйлдвэрт ажиллаж байсан туршлагадаа найдаж, гэр бүлтэйгээ зөвшилцөн үйлдвэрээ байгуулсан даа.



Л.Алтангэрэл
Монгол Ванн Констракшн ХХК Гүйцэтгэх захирал


Арцат вүүд ХХК-ийн Захирал О.Лхам
О.Лхам: -Юуны өмнө энэхүү хөтөлбөртөө урьж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. Миний хувьд 2010 оноос барилгын салбарт ажиллаж эхлэхдээ л Монголын зах зээлд хаалганы эрэлт хэрэгцээ их байгааг ажигласан. Ингээд 2016 оноос хойш судалгаа хийж байгаад 2018 онд тоног төхөөрөмжөө авч үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. “Арцат виллаж”, “Арцат апартмент” төслүүдийн ерөнхий гүйцэтгэгчээр “Сити Палас”ХХК маань ажиллаж байхдаа хаалганы үйлдвэртээ “Арцат вүүд” нэрийг өгч байсан юм. “Арцат” гэдэг үг миний хувьд аз дагуулсан, олон олон амжилтын эхлэлийг тавьсан ээлтэй нэр гэж боддог. Тийм ч учраас энэ нэрээр олон ажил төлөвлөж, цаашдаа “Арцат хоум”, “Арцат скүүл” төслүүдийг эхлүүлэхээр зорилго тавьсан.
Манай компани маш олон хаалгыг судалсны үндсэн дээр будагтай хаалга, гоёлын хана, тавилгын хаалга, шат зэргийг үйлдвэрлэж байна. Бидний ажлын амжилт бол захиалагчидын маань өндөр мэдрэмжтэй сонгосон, санал болгосон загвартай салшгүй холбоотой болохоор эрхэм захиалагчиддаа маш их баярлалаа. Удахгүй 2022 онд бид захиалгат тавилгын үйлдвэрлэлийг эхлүүлэх гээд бэлтгэл ажлаа хангаж байна.



О.Лхам
Арцат вүүд ХХК Захирал


Эн Эф Ти ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хүдэрчулуун АНУДАРЬ
Х.Анударь: – Манай компани 2006 онд паркетан шалны импортын худалдаа эрхлэхээр байгуулагдсан юм. Үүсгэн байгуулагч, захирал маань Америкт модон шалны үйлдвэрлэлийн чиглэлээр суралцан, ажиллаж нэлээд туршлага хуримтлуулсан хүн байдаг. Миний хувьд 2008 онд энэ компанидаа худалдагчаар ажиллаж эхэлснээсээ хойш бизнесийн салбарт хөл тавьж, 8 жилийн дараа Гүйцэтгэх захирал болж байлаа. Тухайн үед бид паркетан шалны худалдаагаараа Монголдоо анхдагчдын нэг болсон юм. Худалдагчаас гүйцэтгэх захирал хүртэл ажиллах хугацаанд бусдын чин сэтгэлийн талархал, урам зориг хайрласан сайхан үгс надад урагш тэмүүлэх их эрч хүч өгсөн шүү. Бас гар хийцийн модон эдлэл сонирхдог байсан минь их нөлөөлсөн. Тийм ч учраас бид импортын худалдаагаа өргөжүүлэх итгэл төрж, өөрсдөө шал үйлдвэрлэхээр зориглож 2012 онд үйлдвэрийнхээ суурийг тавьж, паркетан шалны технологийг судалж эхэлсэн. Барилгын салбарын зах зээлийн уналтаас шалтгаалаад үйлдвэр байгуулах ажил саатсан ч, бид тоног төхөөрөмж суурилуулалт, технологи шинэчлэлт, сургалт хөгжүүлэлтдээ анхаарч явсаар 2020 онд үйлдвэрлэлээ эхлүүлэх боломжтой болсон юм.
Ер нь шал гэдэг бол гэрийн, албан тасалгааны интерьерийн хамгийн чухал хүчин зүйлсийн нэг. Зөвхөн шалны өнгөнөөс болоод интерьерийн чиг хандлага бүхэлдээ өөрчлөгдөх тохиолдол ч бий. Тийм учраас үйлчлүүлэгчиддээ зөвлөгөө өгөх, өнгөний сонголтоо зөв хийхэд нь туслахдаа бид баяртай байдаг. Ингээд шалаа дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон учир хэрэглэгчид өөрсдийн хүссэн өнгө загвар, материалаар үйлдвэрт шууд захиалгаа өгөх боломжтой болж байна даа.



Хүдэрчулуун АНУДАРЬ
Эн Эф Ти ХХК Гүйцэтгэх захирал


МОТОПОМП ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.МЭРГЭН
Энэхүү ярилцлагад урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. Би ахлах ангийн сурагч байхдаа аавынхаа үүсгэн байгуулсан “ЮНИТРА” компаниас ажлын гараагаа эхэлж байлаа. Дэлхийд танигдсан брэндүүдийн төрөл бүрийн бага оврын тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгслүүдийг эх орондоо нийлүүлдэг энэ компанидаа жолоочоос эхлүүлээд ачигч, засварын туслах, борлуулалтын ажилтан, худалдааны төлөөлөгч, импортын ажилтан хүртэл ажилласан. Зуныхаа амралтаар аавынхаа дэргэд ингэж ажиллахдаа олон ажлын зах зухаас суралцаж, чамгүй туршлага суух эхлэлийг тавьж өгсөн дөө.
2009 онд Австралийн Брисбэнь хотын Гриффитийн их сургуулийг Бизнесийн Удирдлага/ Маркетингийн бакалавраар төгсөж ирээд компанидаа Маркетингийн менежерээр ажиллаж, 2016 оноос хойш “ЮНИТРА” болон түүний охин компани “Мотопомп”-ын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар бид олон улсад тэргүүлэгч Makita, Dewalt, Honda, Wilo гэх мэт 70 гаруй брэндийн албан ёсны дистрибьютер болж, 10 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнийг 6 салбар дэлгүүрээрээ хэрэглэгчдэд хүргэж байгаа.



Д.МЭРГЭН
МОТОПОМП ХХК ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ


Силпро ХХК-ийн Ерөнхий захирал З.Нямгэрэл
Одоогоос 20 жилийн өмнө 2002 онд “Силпро” компанийг байгуулж байлаа. “CYLPRO” гэдэг нэрний тухай сонирхуулахад, бид анх “CYLINDER PROTECT” гэх анхны бүтээгдэхүүнээ Америкаас импортолж байсан учраас “цилиндрийн хамгаалалт” гэдгийн эхний 3 үсгийн нийлбэрээр оноож өгч байсан түүхтэй. Би инженер, багш мэргэжилтэй ч 1990 оны сүүлээр Монголд уул уурхайн технологийн шинэчлэл явагдан, тухайн үед ашиглагдаж байсан оросын техник технологитой харьцуулахад хүчин чадал, найдварт ажиллагаа өндөр, дагалдах сэлбэг материал, засвар үйлчилгээ, мэдээллийн нэгдсэн системтэй Америкийн Катерпиллар брэндийн барилга, зам, уул уурхайн тоног төхөөрөмжүүд Монголын зах зээлд нэвтэрч эхлэх үед албан ёсны борлуулагч “Вагнер Ази тоног төхөөрөмж” компанид Сургалт, Аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байлаа. Монголын хэрэглэгчдийг шинэ дэвшилтэт технологиор хангах, өндөр өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг зөв, үр ашигтай ашиглах, засвар үйлчилгээ, сэлбэгийн нийлүүлэлтийг зах зээлд өргөн сонголттой болгох зайлшгүй шаардлага тулгарсан нь миний хувьд бизнесийн гараагаа эхлүүлэх гол хөшүүрэг болж, одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулсаар байна.



З.Нямгэрэл
Силпро ХХК Ерөнхий захирал


ТОПИКА ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин
Би 2001 онд МУИС-ийг Цөмийн физикч мэргэжлээр төгссөн ч тэр үед энэ салбар төдийлөн сайн хөгжөөгүй, ажил эрхлэх талбар нь хязгаарлагдмал, тухайн үеийн Иргэний хамгаалалтын газар, Гааль, Геологийн төв лабораторид зэрэг газруудад танил талаараа ажилд орох, эсвэл өөр салбарт ажиллахаас өөр сонголтгүй байлаа. Нэгэнт мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон тул ээжийнхээ ажиллуулдаг нарийн боовны цехэд нь борлуулалт хийж тусалж эхэлсэн. Ингээд “Монхангай” группт бүтээгдэхүүн нийлүүлж байхдаа “Бөмбөөлэй” хүнсний брэндийн нэг хэсэг болж нарийн боовны бүтээгдэхүүнээ тус брэндийн нэр дээр борлуулах боломж тохиож, улмаар тэдний “Монхангай Топ Менежер Академи” сургалтад сууснаар би өөрийнхөө нэг чадварыг таньж, цаашдаа ямар чиглэлээр ажиллавал ирээдүйтэй вэ гэдгээ ойлгоход их нөлөөлсөн.
Үүний дараа “Монхангай” группт урилгаар төв агуулахын захирлын туслах, менежерээр ажилласан. Хэсэг хугацааны дараа хувийн жижиг бизнес хийх гэж оролдсон ч миний хувьд олны дунд ажиллах, багийн ажиллагаа маш чухал байр суурь эзэлдэг учраас “MNBC” кабелын телевизэд хүсэлт өгч, худалдааны зөвлөхөөр орж байлаа. Зах зээлд танигдаж амжаагүй шинэ байгууллагад худалдааны зөвлөхөөс дэвшиж борлуулалтын менежерээр ажиллана гэдэг нь өөрөө маш том сорилт байсан болохоор хэрэглэгчдэд танигдах арга замаа эхлээд тодорхой болгож, тэдэнд ашигтай санал тавих зэргээр бид хурдтай ажиллаж чадсанаар жилийн ажлыг сард, сарын ажлыг долоо хоногт, долоо хоногийн ажлыг нэгээс хоёр хоногт гүйцэтгэж, борлуулалтаа маш сайн нэмэгдүүлж чадсан. Ингээд үргэлжлүүлэн “Топика” компанид ажиллахдаа менежер, ахлах менежер, албаны дарга, гүйцэтгэх захирал болон дэвшиж ажилласан.



Ц.Энхтүвшин
ТОПИКА ХХК Гүйцэтгэх захирал


РОЛАНДС ХХК-ийн захирал Л.ОЮУНЧИМЭГ
Анх гэрэл, гэрэлтүүлгийн чиглэлээр бизнесийнхээ эхлэлийг тавьж байлаа. 100 айлын “Жоби” төвд худалдаагаа хийж эхэлснээс хойш бизнесээ өргөжүүлж, 4 салбар дэлгүүртэй болсон юм. Дараа нь 2010 онд “Роландс” компаниа байгуулан, барилгын материалын худалдаанаас гадна зоогийн газар, үсчин гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон юм. Гэрэл, гэрэлтүүлгийн бүтээгдэхүүн манайх шиг барилгын салбар нь хурдацтай хөгжиж буй оронд маш их эрэлттэй учир бид нэр төрлийг нь олшруулж, чанар стандартыг нь улам бүр сайжруулан өнөөг хүртэл бизнесээ өргөжүүлсээр байгаа.



Л.ОЮУНЧИМЭГ
РОЛАНДС ХХК захирал


Эко Эйр Фарм ХХК-ийн Захирал Б.Эрдэнэбилэг
Б.Эрдэнэбилэг: -Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Co LEADERS” хөтөлбөртөө намайг урьж, миний бяцхан түүхийг хуваалцаж байгаад баярлалаа. Би 2015 онд БНСУ-д магистрын зэрэг хамгаалаад Монголдоо буцаж ирэхдээ агаарын бохирдол маш аюултай түвшинд хүрч, үүний хамгийн том хохирогч нь хүүхдүүд болж байгаад их эмзэглэсэн юм. Мөн бага насны хүүхдүүдийн өвчлөлийн гол шалтгаан нь агаарын бохирдол гэдгийг баталсан статистик судалгаанууд гарч эхэлсэн. Тиймээс Монголдоо хэрэгтэй, үлдэцтэй зүйл хийе гэж шийдээд агаарын бохирдлыг бууруулахын төлөө ажиллахаар эх орондоо эргэж ирсэн. Ирэхдээ БНСУ-ын “ХААТЦ” компанитай хамтарсан судлаачдын баг, бүрэлдэхүүнтэй хамт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг судлан 7 давхар шүүлтүүр бүхий дулаан солилцууртай агаар сэлгэгч цэвэршүүлэгч төхөөрөмжийг зөвхөн Монголын нөхцөлд зориулан сайжруулж импортолсон. Энэ үеэс л агаарын бохирдол, дотор агаарын чанар гэдэг зүйлтэй миний амьдрал салшгүй холбогдсон доо.



Б.Эрдэнэбилэг
Эко Эйр Фарм ХХК Захирал


Амин гүүр ХХК-ийн Ерөнхий захирал Оросоо БАТЧИМЭГ
О.Батчимэг: – Манай компани анх 2011 онд байгуулагдах үед Монголын барилгын зах зээлд ОХУ, Хятадад үйлдвэрлэсэн хаалга зонхилж байсан. Тэр үед барилгын хийц чанар сайжирч, загвар болон барилгын материалд тавигдах шаардлага өндөр болж өөрчлөгдөж эхэлсэн үе. Бид зах зээлээ судалж байгаад БНСУ-аас гадна төмөр хаалгыг дотоодын зах зээлдээ борлуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хугацаанд Солонгостоо тэргүүлэгч төмөр хаалганы хэд хэдэн үйлдвэртэй хамтран ажиллаж байгаад хэрэглэгчдийнхээ эрэлт, хүсэлд нийцсэн чанар, загварыг тусгайлан захиалахын тулд “NOVOFERM DONGBANG” үйлдвэртэй хамтарч эхэлсэн. “NOVOFERM DONGBANG” нь ХБНГУ-ын “NOVOFERM” үйлдвэрийн Ази дахь салбар буюу хамтарсан үйлдвэр юм. Монголын зах зээлд илүү боломжит үнэ санал болгож, тээвэрлэлт, харилцаа холбооны хувьд ойр байсан нь том давуу тал болсон. Мөн энэ үйлдвэрийн хаалганы хамгийн гол онцлог бол галын хамгаалалт юм. Барилгынхны хувьд гал маш их эрсдэл, хохирол авчирдаг аюул учир хямд үнэ биш стандарт, галын аюулгүй байдлыг чухалчлах хэрэгтэй.
Бид өнгөрсөн хугацаанд олон төсөлд хамтарч, хэрэглэгчдэд брэндээ таниулах ажлыг уйгагүй хийсний дүнд 2019 онд “NOVOFERM DONGBANG” үйлдвэрийн Албан ёсны дистрибьютр болж, цаашлаад гол нэрийн бүтээгдэхүүн Fire steel door буюу галын хамгаалалтай хаалга, дижитал цоож тоноглолоо хэрэглэгчдэд ойртуулахын тулд төрөлжсөн шоурүүмээ Мишээл барилгын их дэлгүүрт нээсэн. Бид “Хэрэглээнд тулгуурласан сэтгэл ханамжийг бий болго” гэсэн уриан дор цогц үйлчилгээг үйлчлүүлэгчдэдээ хүргэн амжилттай ажиллаж байна.



Оросоо БАТЧИМЭГ
Амин гүүр ХХК Ерөнхий захирал


МОДЕРН ДЕКОР ХХК-ийн Захирал Т.Бямба-эрдэнэ
Т.Бямба-эрдэнэ: Миний хувьд аливаа салбарт бүтээлч үйлдвэрлэл явуулж, хэрэглэгчдийн гар дээр бодит бүтээгдэхүүнийг хүргэдэг бизнест өөрийгөө сорихыг эрхэмлэдэг байсан. Тийм ч учраас анх авто засварын газар ажиллуулж байгаад тавилгын үйлдвэрлэл эхлүүлэхээр зориг шулуудаж байлаа. Ойр дотны хүмүүс, найз нөхдөөс тавилга хийлгэх санал их ирж байсан учраас 2010 оноос компани маань гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн юм. Өнөөдөр бид 14-үүлээ болон өргөжиж, өөрийн гэсэн байнгын үйлчлүүлэгч, захиалагчидтай, салбартаа тодорхой хүрээнд танигдсан компани болж чаджээ.



Т.Бямба-эрдэнэ
МОДЕРН ДЕКОР ХХК Захирал


Пазл хаус ХХК-ийн Ерөнхий захирал Содномдаржаа САМБУУНЯМ
С.Самбууням: – Манай компани анх 2003 оноос гражийн автомат хаалганы борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Дотоодын зах зээлдээ сайн танигдаагүй байсан болохоор 10 хүнтэй уулзаж санал болгоход нэг нь л худалдаж авдаг байлаа. Тэр үед хүмүүсийн дунд автомат хаалга муу гэдэг ойлголт нийтлэг байсан үе л дээ. Худалдан авагчдад бүтээгдэхүүнийхээ давуу талуудыг бүрэн гүйцэд тайлбарлаж чадахгүй, туршлагагүйгээсээ болоод нэр хүндийг нь унагах асуудал ч гардаг байв. Одоо бодоход бараа бүтээгдэхүүнийхээ онцлогт тааруулаад угсралт, холболтуудаа хийхдээ алдаа гаргадаг байсан юм болов уу. Харин өнөөдөр бид Европын зургаан орны 9 өөр брэндийн албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж, зөвхөн гражийн автомат хаалга гэлтгүй дотор интерьерийн хаалга, гадна хамгаалалтын бүх төрлийн хаалгыг төслийн болон жижиглэн гэсэн хоёр чиглэлээр зах зээлд нийлүүлж байна.
Урьд нь ихэнх барилгын компаниуд бараа материалын татан авалтаа өөрсдөө хийх үед, чанар стандартаас гадна хэмжээ алдах, суурилуулах явцад асуудал үүсэх тохиолдол их байсан. Харин одоо Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчдаас бүх үйлчилгээ нь багтсан худалдан авалт хийхийг илүүд үздэг болсон.
Бид хоёр агуулах 4 шоурүүмээр дамжуулан борлуултаа хийж байна. Цаашдаа борлуулалтын хүрээгээ тэлж, хэрэглэгчдэд илүү ойр ажиллахын тулд шоурүүмийнхээ тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Манай агуулахын нөөц хангалттай учраас хэрэглэгчийн хүссэн тоо хэмжээгээр нийлүүлэхэд хүлээлт үүсгэдэггүй давуу талтай. Миний хувьд хаалганы бизнес эрхэлж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. “Хаалга” нээгдэж байж аливаа зүйлийн эхлэл, боломж нь орж ирдэг болохоор их бэлэгшээдэг.
Бэрхшээлийн хувьд бизнес эрхэлж байгаа хэн бүхэнд тулгарах нь зүй ёсны хэрэг. Харин түүнийг давж гарах нь бизнесмэн хүний үүрэг шүү дээ.



Содномдаржаа САМБУУНЯМ
Пазл хаус ХХК Ерөнхий захирал


МЭРГЭН НОМИН ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Март
– Манай компани 2016 онд байгуулагдан, ердөө жилийн дараа дэлхийн нэр хүндтэй “LG Hausys” брэндийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр зах зээлд нийлүүлж эхэлсэн юм. Ханын цаас, ханын хавтан, бүх төрлийн PVC шал, гадна террасны шал, сайдинг гэхчлэн дотор ,гадна заслын интерьерт ашиглагддаг бүхий л төрлийн материалыг өнгө, загварын өргөн сонголттойгоор хэрэглэгчдэд хүргэж байна.
Чанар, загвар сайтай брэндийн худалдаа манай хэрэглэгчдийн хувьд хэрэгцээ, хүлээлт нь байсан болов уу. “LG Hausys” бол барилгын салбар, дотор заслын материал худалдан авагчдын дунд тэрхүү хүлээлт үүсгэсэн бүтээгдэхүүн нь байсан гэдэгт итгэдэг. Үйлчлүүлэгчид маань сэтгэл хангалуун хүлээн авч, борлуулалт ч сайн байсан. Өнөө цагт хэрэглэгчид байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг эрэлхийлэх болсон. Тиймээс цаг үедээ нийцсэн эко бүтээгдэхүүнийг сонгон, үйлдвэрлэгчээс нь хэрэглэгчийн гарт шууд хүргэн, хүний тав тухтай амьдарч, ажиллах орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулдаг энэ бизнесийг эрхэлж байгаадаа баяртай байдаг.
Аливаа бизнест жижиг сажиг асуудал тулгарч, бэрхшээл саад гарч ирж л байдаг учраас хэцүү санагдаж, шантрах тухай бодож байсангүй. Харин асуудлыг зөв өнцгөөс олж хараад гарц, шийдвэрлэх алхмаа оновчтой хийж, зогсолтгүй урагш тэмүүлэхийг хичээдэг дээ.



Ш.Март
МЭРГЭН НОМИН ХХК Гүйцэтгэх захирал


Топологи ХХК-ийн захирал Б.Гантөмөр
Б.Гантөмөр:
Миний хувьд 2002 онд ШУТИС-ийг Компьютерийн чиглэлээр төгссөнөөсөө хойш мэдээлэл технологи, харилцаа холбоо, эрчим хүчний дэд бүтцийн салбарт ажиллаж эхэлсэн. 2005 онд “Топологи” компаниа байгуулж харилцаа холбоо, эрчим хүч, барилгын автоматжуулалтын чиглэлээр тасралтгүй 16 дахь жилдээ ажиллаж байна. Ингэж ажиллаж байхдаа хүн өмнөө зорилго тавиад, түүнийхээ төлөө тууштай ажиллаж чадвал юуг ч бүтээх боломжтой юм байна гэж ойлгосон. Бизнесийн гараагаа энэ салбарт эхлүүлэхэд хамгийн их нөлөөлсөн бас нэг зүйл бол мэргэжилдээ дур сонирхолтойгоос гадна сайн үйлчилгээг чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэд хүргэх гэсэн хичээл зүтгэл минь гэж боддог.



Б.Гантөмөр
Топологи ХХК захирал


Construction and Building Supplies ХХК-ийн захирал Г.НАРАН-ОЧИР
– Би АНУ-д гэр бүлээрээ 2014-2016 оны дунд хүртэл амьдарч, ажиллаж байгаад Гүүгл компанийн оффисоор орох завшаан таарсан бөгөөд өөрийн компанитай болбол ийм арга байдлаар ажилтанг ажиллуулах нь үр дүнтэй юм байна гэдгийг ойлгосон. Нутагтаа ирээд зургаан сарын турш бизнесийн арга, санаагаа бодож байгаад урьд нь хамтран ажилладаг байсан “Sika” брэндээс албан ёсны дистрибьютер болох санал хүлээн авсан. 110 д жилийн түүхтэй брэндийн чанар, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн нэр хүнд гээд олон талаас нь бодож үзээд саналыг зөвшөөрсөн юм. Энэ брэнд нь барилгын салбарт л гэхэд 7,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэйгээс зөвхөн 30 орчмыг нь Монголд борлуулж байгаа. Яагаад 30 нэр төрөл вэ гэхээр,
МУ- д маань орчин цагийн барилгын салбар хөгжөөд 96 жил болсон ба яаг сүүлийн 10 орчим жилд салбарын хөгжил хурдаа авч байна. Жишээ нь бид доошоо юм уу дээшээ олон давхар, эсвэл дээвэр дээр цэцэрлэгт хүрээлэн усан оргилуур зэргийг барих болж. Энэ бүгдийг барихын тулд бид төмөр бетоныг ашиглаж байгаа бөгөөд гүйцэтгэлийн хувьд хүний болон, бусад нөлөөтэй алдаа гарах нь элбэг байсан ба тухайн алдааг засах технологи болон материалууд нь ховор байсан. Ингээд би Бетон засварын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар шийдэж компаниа байгуулсан.



Г.НАРАН-ОЧИР
Construction and Building Supplies ХХК захирал


БОГД БАНК Мишээл салбарын захирал Гэлэгбаатар Алтанхүү
Г.Алтанхүү: -Миний хувьд 2008 онд МУИС-ийг Эдийн засаг, математик загварчлал мэргэжлээр төгссөнөөсөө хойш банкны салбарт хөл тавьж, Хаан банканд теллерээс эхлүүлээд салбар тооцооны төвийн захирал хүртэл дэвшин ажиллалаа. Өөртөө тодорхой зорилго тавиад тууштай ажиллаж чадвал болохгүй зүйл үгүй юм билээ. Түүнээс хойш 2019 оны 8-р сарын 14-нд Мишээл Барилгын Их дэлгүүрт Богд банкны “Мишээл” салбарыг үүсгэн байгуулаад амжилттай ажиллаж байна. Манай банкны хувьд 2014 оны 12-р сард Монголбанкнаас зөвшөөрлөө авч үүсэн байгуулагдсан, харьцангуй залуу банк. Энэ хэдэн жилийн дотор харилцагчдын хүрээгээ тэлж, ялангуяа манай салбар Барилгын их дэлгүүр, Мишээл экспо болон ойр орчмын аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн үйлчлүүлэгчидтэй хамтын ажиллагаатай болоод байна. Хүүхэд байхаасаа мөрөөдөж, зорьж ирсэн ажил минь болохоор ажилдаа сэтгэл хангалуун явдаг. Энэ бүхэнд ойр дотныхон, ээж аавын минь хүмүүжил, найз нөхдийн урмын үг, дэмжлэг их нөлөөлсөн гэж боддог.



Гэлэгбаатар Алтанхүү
БОГД БАНК Мишээл салбарын захирал


Жи энд Эй Майнинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хашбат Азжаргал
Х.Азжаргал: – Технологийн дэвшил хурдсаж, зах зээл дэх өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдийн мэдлэг мэдээлэл улам сайжирч бүтээгдэхүүн үйлчилгээнд тавигдах шаардлага улам өндөр болж байна. Хэрэглэгчдийн яг энэ эрэлт хэрэгцээг нь хангах зорилгоор анх Европ стандартын тавилгын үйлдвэрлэлийг Монголдоо нэвтрүүлж, захиалгат тавилга үйлдвэрлэхээр “G&A Furniture Interior” компаниа 2017 онд байгуулсан. Ингээд бид үйлдвэрлэлээ стандартын дагуу явуулахын тулд тавилгын тоног төхөөрөмж, хавтан, бүх хөдлөх эд анги, нугас, боолт, бариул тоноглолынхоо 90 хувийг Европын орнуудаас, Итали, Германаас голчлон авчирч, тэдэнтэй хамтын ажиллагаатай болсон юм.
Албан тасалгаа, ялангуяа гэрийн тавилга удаан хугацаанд хэрэглэгдэхийн зэрэгцээ цаг үргэлж бидний амьсгалах агаар, амьдрах орчинд нөлөөлж байдаг. Тиймээс эрүүл ахуйн шаардлагыг нэн тэргүүнд тавьж, тухайн тавилгыг ямар материалаар хийсэн, ямар орц найрлагатай, удаан хугацаагаар гэрт байхад ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг нягтлах нь хамгаас чухал байдаг. Сүүлийн үед хэрэглэгчид сайтар судалж, төлөвлөж байж сонголтоо хийдэг болсон. Өөрсдийнхөө хүссэн орчныг бүрдүүлэхийн тулд загвар, өнгөний сонголтоо авчраад, санал бодлоо хуваалцаж, хүссэн тавилгаа хэрэглээндээ нийцүүлэн хийлгэх хандлага нийтлэг байна.
Ер нь хүн хаана, ямар ч байранд амьдарч болно. Тэр бүхэндээ таарсан засал, чимэглэл, тав тух, орчныг бий болгох нь л чухал. Тиймээс би “Та яг хаана гоё байж чаддаг вэ? Тэр орчноо л гоё сайхан болго” гэж хамт олондоо хэлдэг. Мэдээж хүн гэртээ л хамгийн тав тухтай, хамгийн сайхан байж чадна. Тэгэхээр гэрээ гоё болгоё гээд зорьж ирж байгаа хүнд яг л тэр хүссэн орчныг нь бүрдүүлж өгөх нь бидний үндсэн үүрэг.



Хашбат Азжаргал
Жи энд Эй Майнинг ХХК Гүйцэтгэх захирал


А НЭГ ХХК-ийн захирал БАЛЖИННЯМ МӨНХЖАРГАЛ
Ажлын гараагаа МАЭ (Монголын Архитектурын Эвлэл) эхлүүлж, дараа нь “Чоно” корпораци, “Азура”, “Цэгц буянт” зэрэг компаниудад ажиллаж байлаа. Энэ жилийн хувьд манай “А1” компани үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна.
Амьдрах, ажиллах, амрах бүхий л орчин, орон зайг бид зурж, төлөвлөж, бүтээдгийн хувьд бидэнд сэтгэлгээний хязгааргүй орон зай, шинийг эрэлхийлэгч зан чанар, өндөр мэдрэмж, бүтээлч байдал цаг ямагт хэрэг болдог. Тиймээс багийн гишүүдийн ажиллах таатай нөхцөлийг бүхий л талаараа бүрдүүлэхийг хичээж ажилладаг.
Манай мэргэжлийнхэн залуу насныхаа ихэнх цаг хугацааг өөрийгөө сорьж, өөрийгөө олох, ур чадвараа дээшлүүлэхэд зориулчихдаг талтай. Гэвч энэ хугацаанд эрүүл амьдралын дадал хэвшлийг огт хаяж болохгүй. Тиймээс өөртөө ч, ажлынхандаа ч эрүүл хэв маягт суралцаж, амьдрахыг байнга уриалж, хамт олноороо ууланд гарах, алхах, аялах гэх мэтээр идэвхтэй амьдрахыг хичээдэг. Миний хувьд спортоор хичээллэх сонирхолтой. Байт харваа, сурын харваагаар хичээллэдэг. Харваа нь анхаарал сайн төвлөрүүлж, тархиа амраах боломжийг олгодог.



БАЛЖИННЯМ МӨНХЖАРГАЛ
А НЭГ ХХК захирал


Номин Мишээл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Батжаргал Төгөлдөр
Б.Төгөлдөр: – Манай “Номин мишээл” компанийг үүсгэн байгуулсан “Номин холдинг” групп болон “Чоно” групп дэлхийн жишигт нийцсэн худалдаа, үйлчилгээг Монголынхоо олон салбарт нэвтрүүлж, энэ амжилтаараа анхдагч, тэргүүлэгч нь байхыг зорин ажиллаж ирсэн. Барилгын материалын худалдаа үйлчилгээ манай оронд хүнсний сүлжээ дэлгүүр, цахилгаан бараа, хувцас загвар, хүнсний үйлдвэрлэлийн салбартай харьцуулахад харьцангуй сүүлд хөгжиж эхэлсэн. Барааны сонголт, үйлчилгээний нөхцөл, бүтээгдэхүүний чанарын хувьд асуудалтай, хар захын системээсээ салж чадахгүй ихээхэн асуудал дагуулж байсан.
Харин Хойд Америк, Европын орнуудад барилга, гэр ахуйн бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг нэг дор худалддаг, тав тухтай орчныг бүрдүүлсэн DIY store буюу “Do it yourself”, эсвэл “Home improvement” төрлийн дэлгүүр, худалдааны суваг хөгжөөд 60 гаруй жил болж байна. Манай зах зээл энэ тал дээр хоцорсон хэдий ч, компани маань энэ үйлчилгээг нэвтрүүлж эхэлснээр барилгын материалын худалдаа, үйлчилгээний салбарын хөгжил нэг шат ахисан болов уу гэж боддог. Тиймээс олон улсын стандартыг Монголдоо нутагшуулахаар зорин ажиллаж байгаа маань миний ажлын онцлог, эерэг тал. Нөгөө талаар манай бизнес эрхлэгчдэд нийтлэг тулгардаг бэрхшээлүүд бидэнд ч бас тохиолдож байна. Гааль, НӨАТ гэхчлэн татварын асуудал барилгын материалын бүх худалдаа эрхлэгчдэд тэгш үйлчлэхгүй байна. Татвараа цаг тухайд нь шударгаар төлж байгаа бизнес эрхлэгчид нь хохирох хандлагатай байдаг нь нууц биш.



Батжаргал Төгөлдөр
Номин Мишээл ХХК Гүйцэтгэх захирал


Рисөрч Энд Девелопмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Бямбажав Шинэжаргал
Б.Шинэжаргал: – Миний хувьд 2015 оноос тавилга, барилгын салбарт ажиллаж эхэлсэн. Би итали, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй. Энэ давуу талаа ашиглан Итали барилгын материал, тавилгын брэндийн албан ёсны төлөөлөгч “Рисөрч Энд Девелопмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Манай компани “Гутал” оффист “Stile Italiano” нэртэйгээр анхны дэлгүүрээ нээж байлаа. Одоо хоёр салбартай үйл ажиллагаагаа явуулж байна. Миний ажил италичуудтай шууд харьцаж, хэрэглэгчийн хүссэн загвараар чанартай бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдэд зуучлан хүргэдэг онцлогтой. Итали компаниудын давуу тал бол чанартай гүйцэтгэл, нарийн чамин хийцлэлд байдаг. Тиймээс үйлчлүүлэгчиддээ шинэлэг, чанартай, загвар сайтай бүтээгдэхүүн хүргэх боломж гардаг.
Бэрхшээлийн хувьд харьцангуй бага. Италичууд маш уян хатан, чөлөөтэй сэтгэдэг учраас үйлчлүүлэгчийн санааг хялбархан ойлгож сэтгэл хангалуун үйлчилгээг үзүүлж чаддаг. Цагийн зөрүүнээс болоод мэдээлэл солилцох, холбоо тогтоох ажил удаашрах тохиолдол гардаг нь ганц бэрхшээл юм болов уу.



Бямбажав Шинэжаргал
Рисөрч Энд Девелопмент ХХК Гүйцэтгэх захирал


Универсал авто комплекс ХХК-ийн үүсгэн байгуулагч Довдон Онолбаатарыг
Д.Онолбаатар: 2001 онд хорин хэдхэн настайдаа компаниа байгуулж, бизнесийн салбарт орж билээ. Тэр үеэс хойш бид амжилтыг алдаа оноотой нь туулж, олон ч ажлын ард гарч чаджээ. Тэр бүхнээс хамгийн амжилттай хэрэгжсэн нь “Торекс” брэндийн гадна хаалганы төсөл байлаа. Энэ бүтээгдэхүүнийг бид эхнээс нь хэрэглэгчдэд таниулж, хэрэглээнд нь нийцүүлж, итгэлтэй харилцагч нь болсны дүнд өнөөдөр үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн нийлүүлэгч болсон болов уу.
Манай орны зах зээлд үндэсний үйлдвэрлэгчид, импортлогчид гээд хаалганы бизнес эрхлэгчид маш олон бий. Энэ салбарт зөвхөн чанартай хаалга нийлүүлэх нь хангалтгүй, хэрэглэгчдийнхээ хүссэн загвар, сонголтыг нь санал болгож, суурилуулах цогц үйлчилгээг үзүүлдэг байх нь чухал. Энэ бүхний эцэст хэрэглэгчдээ сэтгэл хангалуун байлгаж, дээд зэргийн тав тухыг мэдрүүлэх нь бидний зорилго юм. Хаалга нь тухайн айлд гэр бүлийнх нь аюулгүй, амар тайван орчныг бүрдүүлж өгөхөөс гадна тансаг тав тухыг мэдрүүлэх учиртай. Хаалгыг нь суурилуулж өгсөн айл бүхнээ сэтгэл хангалуун байлгаж, таатай мэдрэмжийг үлдээж чадвал, тэр л бидний амжилт юм.
Бидний ажилд мэдээж бэрхшээл тулгаралгүй яахав. Өрсөлдөөн ихтэй хаалганы зах зээлд бүтээгдэхүүний үнэ, цогц үйлчилгээгээрээ бусдаас ялгарч, хэрэглэгчдэд таниулна гэдэг нэлээд хүндрэлтэй. Одоо ч энэ асуудал тулгарч л байна. Хямдавтар үнэтэй ч үйлдвэрлэгч нь тодорхойгүй, “Буух эзэн, буцах хаяггүй” хаалгануудыг сонгосноороо хэрэглэгчид хохироод л үлддэг, ард нь хэн ч хариуцлага хүлээдэггүй. Гэтэл бид эрс тэс уур амьсгалдаа нийцсэн, бат бэх чанараа удаан хугацаанд хадгалах эдэлгээ сайтай хаалга сонгохоосоо өмнө үнэ хямдыг нь урьтал болгодог. Тиймээс энэ зах зээлд бид үйлчлүүлэгчиддээ чанартай хаалгыг найдвартай суурилуулдаг итгэлтэй нийлүүлэгч нь байж, тав тухтай амьдралынх нь нэгээхэн хэсэг болгохыг эрхэмлэж ажилладаг.



Довдон Онолбаатар
Универсал авто комплекс ХХК үүсгэн байгуулагч


Универсал авто комплекс ХХК-ийн үүсгэн байгуулагч Довдон Онолбаатар
Д.Онолбаатар: 2001 онд хорин хэдхэн настайдаа компаниа байгуулж, бизнесийн салбарт орж билээ. Тэр үеэс хойш бид амжилтыг алдаа оноотой нь туулж, олон ч ажлын ард гарч чаджээ. Тэр бүхнээс хамгийн амжилттай хэрэгжсэн нь “Торекс” брэндийн гадна хаалганы төсөл байлаа. Энэ бүтээгдэхүүнийг бид эхнээс нь хэрэглэгчдэд таниулж, хэрэглээнд нь нийцүүлж, итгэлтэй харилцагч нь болсны дүнд өнөөдөр үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээсэн нийлүүлэгч болсон болов уу.
Манай орны зах зээлд үндэсний үйлдвэрлэгчид, импортлогчид гээд хаалганы бизнес эрхлэгчид маш олон бий. Энэ салбарт зөвхөн чанартай хаалга нийлүүлэх нь хангалтгүй, хэрэглэгчдийнхээ хүссэн загвар, сонголтыг нь санал болгож, суурилуулах цогц үйлчилгээг үзүүлдэг байх нь чухал. Энэ бүхний эцэст хэрэглэгчдээ сэтгэл хангалуун байлгаж, дээд зэргийн тав тухыг мэдрүүлэх нь бидний зорилго юм. Хаалга нь тухайн айлд гэр бүлийнх нь аюулгүй, амар тайван орчныг бүрдүүлж өгөхөөс гадна тансаг тав тухыг мэдрүүлэх учиртай. Хаалгыг нь суурилуулж өгсөн айл бүхнээ сэтгэл хангалуун байлгаж, таатай мэдрэмжийг үлдээж чадвал, тэр л бидний амжилт юм.
Бидний ажилд мэдээж бэрхшээл тулгаралгүй яахав. Өрсөлдөөн ихтэй хаалганы зах зээлд бүтээгдэхүүний үнэ, цогц үйлчилгээгээрээ бусдаас ялгарч, хэрэглэгчдэд таниулна гэдэг нэлээд хүндрэлтэй. Одоо ч энэ асуудал тулгарч л байна. Хямдавтар үнэтэй ч үйлдвэрлэгч нь тодорхойгүй, “Буух эзэн, буцах хаяггүй” хаалгануудыг сонгосноороо хэрэглэгчид хохироод л үлддэг, ард нь хэн ч хариуцлага хүлээдэггүй. Гэтэл бид эрс тэс уур амьсгалдаа нийцсэн, бат бэх чанараа удаан хугацаанд хадгалах эдэлгээ сайтай хаалга сонгохоосоо өмнө үнэ хямдыг нь урьтал болгодог. Тиймээс энэ зах зээлд бид үйлчлүүлэгчиддээ чанартай хаалгыг найдвартай суурилуулдаг итгэлтэй нийлүүлэгч нь байж, тав тухтай амьдралынх нь нэгээхэн хэсэг болгохыг эрхэмлэж ажилладаг.



Довдон Онолбаатар
Универсал авто комплекс ХХК үүсгэн байгуулагч


Монгол Базальт ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ариунболд Энхгэрэл
А.Энхгэрэл: -Юуны өмнө биднийг Co-LEADERS-д урьсанд баярлалаа. “Монгол Базальт” компани 2007 онд “Эрдэст Чулуун Хөвөн Дулаан Тусгаарлагч” дулаалгын материалын үйлдвэрийг үүсгэн байгуулсан. Өдгөө Монголдоо хамгийн анхны бөгөөд цорын ганц дулаалгын материалын үйлдвэрлэлийг эрхэлж байна. Хүнд аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хүрээнд өндөр техник технологи бүхий Евро стандартын үйлдвэрлэлийн шугамыг нутагшуулах нь дотоодын инженерийн боловсон хүчний чадамжийг нэмэгдүүлж, шинэ ажлын байрууд бий болгосон өндөр ач холбогдолтой ажил болсон
Монгол улсын Ногоон барилгын үнэлгээний систем, эрчим хүчний аудит зэрэг ногоон шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи, стандартыг нутагшуулан нэвтрүүлж, барилгын дулаан алдагдлыг 2020 онд 20 хувь, 2030 онд 40 хувиар бууруулах зорилтуудад хүрэхэд эрдэст чулуун хөвөн нь салшгүй ач холбогдолтой юм. Бид бүтээгдэхүүнийхаа давуу талуудыг олон нийтэд түгээн мэдлэгжүүлэх, тогтмол сургалт, соён гэгээрүүлэх ажлууд их хийгдэх шаардлага гардаг нь бас өөрөө бэрхшээл байдаг. Иймээс ч бид олон нийтэд хандсан үнэ төлбөргүй сургалт арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулсаар ирсэн.



Ариунболд Энхгэрэл
Монгол Базальт ХХК Гүйцэтгэх захирал


Жанст Чандмана ХХК-ийн Ерөнхий захирал Чинбат Цэрэннадмид
Ч.Цэрэннадмид: -Манайд барилгын салбар асар хурдацтай хөгжиж, өдөр бүр шинэ хороолол хотхон ашиглалтанд орж байна. Энэ бүгдтэй салшгүй нэг хэсэг бол яалтачгүй гэрэлтүүлэг бөгөөд үүнийг олж харан анх 2018 онд Мишээл Барилгын Их Дэлгүүрт “Ouma light” брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн. Мэдээж бизнес болгон ногоон гэрэлээр явна гэж байхгүй бэрхшээлтэй зүйлүүд байсан тэр болгоныг даван цаг үеийн хүнд нөхцөл байдалд бизнесээ тогтвортой явж байгааг харахад таатай байна. Харанхуй гудамж албан байгууллага айл гэрэл гэгэг нэмж байгаа минь миний ажлын онцлог гэж боддог.
“Ouma light” гэрэлтүүлгийн үйлдвэр нь 1998 оноос хойш Ойрх Дорнод, Европ, Зүүн Өмнөд Ази, Америк, Канад гэх мэт улс, бүс нутгуудад бүтээгдэхүүнээ борлуулж ирсэн. Манай бүтээгдэхүүний онцлог нь гар хийцийн бөгөөд өндөр чанарын гууль металлыг шилтэй хослуулан Европын дээдсийн хэв маяг бүхий классик, модерн загварын дотор гэрлүүд, таазны гэрэл, ханын болон ширээний гэрлүүдийг худалдаалдгаараа онцлогтой. Бид бүтээгдэхүүнийхээ хийц загвар давтагдахгүй байх тал дээр ихээхэн анхаарч үнийн хувьд ч боломжийг байлгахаар хичээж ажилладаг. Өндөр зэрэглэлийн хийцтэй бүтээгдэхүүн учир нэг бүтээгдэхүүний төрөл болгоноос цөөн тоогоор ирдэг учир үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид 100% сэтгэл ханамжтай байдаг.



Чинбат Цэрэннадмид
Жанст Чандмана ХХК Ерөнхий захирал


Экстрем эссэнс ХХК-ийн Гүйцэтгэх захирал В.Энхмаа
В.Энхмаа: – Би их сургуулиа дөнгөж төгсөөд дипломынхоо ажлаар Онол ,практик хоёрыг хослуулах туршлага хуримтлуулах боломж олдож 2007 онд барилгын интерьерийн чиг хандлагын талаарх бидний ойлголт тун хязгаарлагдмал, заслыг энгийн, дунд, тансаг гэж л тодорхойлдог байсан үе. Интерьер материал сонголт багатай материалаа авахын тулд Хятад руу явдаг байсан хожим нь ажиллаж байгаад хятадруу сурахаар явсан. Материал судлаж байсан минь хожим Бизнес санаа эхэлсэн юмуу. Мэргэжилдээ дуртай болхоор үзэсгэлэн болон материалын ихэнх газруудаар явсан даа. Хол ч гэсэн хамаагүй ихэнхдээ ганцаараа л судалгаа хийж явдаг байсан.
– Аливаад онол, практик,судалгаа гурвыг хослуулах чадвар хүнд их чухал гэдгийг ойлгосон болохоор хэрэглэгчдэд интерьерийн зураг төсөл гаргах, заслын материал нийлүүлэх цогц үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2010 онд DECOR HOUSE DESIGN нэртэйгээр олон нийтэд компаниа таниулж өнөөдрийг хүртэл амжилттай явж байна. Зураг төсөл гаргадаг компани олон ч, материал , Гүйцэтгэл дээрээ гацчихдаг эцэст нь зурагнаасаа өөр болж захиалагч нарт сэтгэл ханамжгүй байдал үүсгэдэг тул энэхүү асуудлыг шийдэх нь бидний гол зорилго байсан.
– Дэлхий нийтээр ЭКО байгальд хоргүй бүтээгдэхүүнийг сонгодог болсон энэ үед бид мөн 10 н жилийн өмнөөс байгальд ээлтэй барилгын материал нийлүүлдэг нь манай онцлог , давуу тал юм. Зөвхөн Хятад гэлтгүй Европ, Солонгос, Энэтхэгээс материалаа нийлүүлдэг ба өвөрмөц загвартай, гэрэл , дэкоруудыг ханын интерьертээ тусгаж Утга учиртай Гоо зүйтэй цогц гүйцэтгэл хийж байна.
– Бэрхшээлтэй тал ХҮН удирдаж ажиллах юм даа. Өөр өөр төлөвшил зан ёс зүйтэй хүмүүсийг таньж ойлгож сонсох, төлөвшүүлэх нь миний зүгээс хариуцлага ,ёс суртахуун , тууштай байдлыг шаарддаг.



В.Энхмаа
Экстрем эссэнс ХХК Гүйцэтгэх захирал


Барилгачин групп" ХХК-ийн Үүсгэн байгуулагч Ганчулуун Батсүх
Г.Батсүх: – Эрхэлж байгаа бизнесээ өөрийн хобби, сонирхолдоо тулгуурлан анх эхлүүлж байлаа. Орчин үеийн бизнес дижитал, цахим салбартай салшгүй холбоотой болсон нь мөрөөдлөө бодит болгон биелүүлэхэд их дөхөм болсон. Барилгын материалын ханган нийлүүлэлтийн үед явагддаг шат дамжлага бүрийг цахим болгож, барилгын материалын хүргэлтийн үйлчилгээг төвлөрүүлж, нэг дороос хэрэглэгчдэд хүргэдэг болох нь бидний зорилго бас миний хоббины нэг хэсэг байлаа. Багагүй зориг гаргаж эхлүүлсэн ажил минь барилгын салбарт ажиллаж байгаа олон аж ахуйн нэгж, хэрэглэгчдэд үр өгөөжтэй байгаад маш их баяртай байна. “Барилгачин групп” маань одоо барилгын салбарын 70 гаруй үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр нь нийлүүлж байгаа. Хэрэглэгчдийн хувьд барилгын материалыг нэмэлт өртөггүйгээр, нэг дороос хүргүүлж авах нь цаг хугацаа, зардлыг хэмнээд зогсохгүй найдвартай, “буцах хаягтай” гээд олон давуу талыг бий болгож байгаа учир иргэд их өндөр сэтгэгдэлтэй байдаг.
Нөгөө талаасаа, бидний явуулж байгаа үйл ажиллагаа улс орондоо, ялангуяа хотын орчинд эерэг нөлөө их үзүүлдэг гэж боддог. Хот доторх автомашины хөдөлгөөнийг сааруулснаар хүлэмжийн хийг бууруулах, авто замын түгжрэл болон агаарын бохирдол буурахад хувь нэмрээ оруулж, зардал, цаг хугацааг хэмнэн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх гээд олон сайн тал бий.
Харин нөхцөл байдлаас шалтгаалаад барилгын олон компани төлбөрөө байр, машинаар зөрүүлэн төлөх нөхцөлтэйгөөр хамтран ажиллах санал тавьж байгаа нь бэрхшээлтэй байдаг. Барилгын салбарын хээл хахууль нэг хэсэг нь зоосны нүхээр харж аливааг шийдчих гээд байдаг муу тал нэлээд бий. “Надад хэдийг өгөх вэ?” гээд байдаг зарим нөхдийг эс тооцвол айхтар том хүндрэл бэрхшээл гэх зүйл байхгүй дээ.



Ганчулуун Батсүх
Барилгачин групп" ХХК Үүсгэн байгуулагч
















